Онон гол Хэнтийн нурууны ар хормойн 1950 м-ийн өндрөөс эх авч улсын хил хүртэл 445 км урсна. Онон гол нь эхнээсээ адаг хүртэл уулын ам хөндийгөөр урсах учир нилээд тойрон тахирласан. Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1,2-1,5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учираас намрын зайр харьцангуй олон хоног /14-25/ үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ. Ононд том жижиг олон гол горхи цутгадаг. Үүнээс нилээд томоохон нь Эг, Барх, Хурах, Шуус, Агац, Хирхон болно.
|